Баянхонгор аймгийн Баянцагаан сумын танилцуулга

АЛТАН ГАДАС ОДОНТ БАЯНЦАГААН СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Баянхонгор аймгийн Баянцагаан сум нь хуучнаар Засагт хан аймгийн Жонон вангийн хошуунд харьяалагдаж байжээ. Улмаар БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор Говь-алтай аймгийн Баянцагаан сум анхлан байгуулагдаж байсан түүхтэй.

  • 1931-1934 онд Говь-Алтай аймгийн Баянцагаан сум,
  • 1934-1940 онд  Завхан аймгийн Баянцагаан сум,
  • 1940-1941 онд дахин Говь-Алтай аймагт,
  • 1942 оноос Баянхонгор аймгийн Баянцагаан сум болон шилжин харьяалагдаж ирсэн түүхтэй.

Баянцагаанчууд бид эрүүл, чинээлэг, хөгжсөн иргэнтэй, эрчимжсэн хөдөө аж ахуй, байгальд ээлтэй дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлсэн, эдийн засгийн чадамжтай, хүний хөгжлөөр тэргүүлсэн хөдөө аж ахуйн жишиг “Амарбуянт” бүсийн төв, улсын тэргүүний сум болно” гэсэн алсын харааг дэвшүүлэн 2000 оноос Баянхонгор аймгийн Баянцагаан, Баацагаан, Баян-өндөр, Шинэжинст сумдыг хамруулсан “Амарбуянт бүс”-ийн төв сум болон хөгжиж байна.

Тус суманд засаг захиргааны анхан шатны нэгж Гичгэнэ, Дэлгэрэх, Цэцэн, Жаргалант, Баянбулаг гэсэн 5 багийн нийт 1041 өрхөд 3638 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Баянхонгор аймгийн 21 сумаас 5-р байр, газар нутгийн хэмжээгээр 6-р байрт тус тус ордог.

Хуурайдуу сэрүүн зунтай, хур тунадас бага, хуурай салхи шуурга ихтэй өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж  температур -30  °С
  • 7 дугаар сарын дундаж температур +29 °С
  • жилийн дундаж салхины хурд 12-28 м/с
  • жилийн хур тунадасны нийлбэр 69 мм
  • Жилийн 365 хоногийн дунджаар 212 хоног цэлмэг, 216 хоног нь 4 м/секундээс дээш салхитай байдаг тул нар болон салхины эх үүсвэрээр тэжээгддэг эрчим хүчийг ашиглан худаг болон бусад цахилгаан эх үүсвэрийг тэжээх бүрэн боломжтой.

Баянцагаан суманд 1955 онд анхны “Жаргалын зам” нэгдлийн суурь тавигдан даргаар  нь тухайн үеийн 4-р багийн дарга Хөдөлмөрийн баатар Д.Жанар санаачлан удирдаж байсан ба  дараа нь баг бүрд нэгдлүүд ээлж дараалан үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаад  1959 онд 4 нэгдэл нэгдэж Улсын хэмжээний ХАА-н томоохон нэгдэл болтлоо хөгжжээ.

Улмаар 1974 онд 100 мянган малтай болж төр засгаас “Таван хошуу малын баримал хүндэтгэлийн багана”-аар шагнаж баяр хийж байсан байна. Мөн 1975 он буюу Жаргалын зам нэгдлийн 20 жилийн ойгоор 3 түмэн хурга бойжуулсныг сайшааж “Гал бадамласан ган тулга”-аар шагнаж сумын захиргааны үүдэнд шагналын цогцолборыг СГЗ, уран барималч н.Сосорбарамаар хийж гүйцэтгүүлж гардуулж байсан байна.

Баянцагаан сумын бүтээлч хөдөлмөрч ард түмний 90 жилийн түүхэн амжилтыг үнэлэн 2021 онд МУ-ын 5 дахь ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 149 дүгээр зарлигаар төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнуулсан юм.

 

 

2022-05-26 10:22:07