Засаг даргын мэндчилгээ

Хүний хөгжлөөр тэргүүлсэн, Хөдөө аж ахуйн жишиг сум болно.

Бахархан дуурайх алдар суутны өлгийн “Алтан гадас одон”-т Баянцагаан нутгаараа овоглон төрөлх нутгийнхаа эзэн суугаа бүтээлч, хөдөлмөрч нутгийн иргэд, уул усныхаа нэрийг өндөрт өргөж монгол орны өнцөг булан бүрд ажиллаж амьдарч байгаа  нийт Баянцагаанчуудаа эрүүл энх сайн сайхныг хүсье. 91 жилийн түүхтэй манай сум нь зах зээлээс алслагдсан, байгаль цаг уурын хатуу ширүүн уур амьсгалтай говь, тал хээрийн бүсэд оршдог. Мал аж ахуйд суурилсан эдийн засагтай, тулгамдсан асуудал ихтэй онцлог сум юм. Амарбуянт бүсийн төв сумын хувьд сумын иргэдээс гадна бүсийн сумдын иргэдийн хүсэн хүлээсэн төрийн үйлчилгээг чанартай хүргэж, Хөдөө аж ахуйн төрөлжсөн үйлдвэрүүдийг бий болгон, өрхийн орлогыг нэмэгдүүлснээр хүн ам тогтвортой өсөж, хөгжлийн суурь тавигдах боломжтой гэж үздэг. Хүний хөгжил, төлөвшил, үр ашигтай, эрсдэлгүй хөдөө аж ахуй, жижиг дунд, өрхийн үйлдвэрийг хөгжүүлэхэд төрийн байгууллагуудаас гадна өрх, гэр бүл, иргэн бүрийн оролцоо, идэвх санаачилга, манлайлал, хамтын оролцоо, нэгдмэл байдал, үүрэг хариуцлага хамгаас чухал. Хүний хөгжил, боловсон хүчний асуудлыг тэргүүнд тавьж, цэцэрлэг, сургуулиас нь эхэлж суралцагчдын агуулгын хоцрогдол арилгах, хүүхэд бүрийн авьяас чадварыг нээх, сургалт, секц дугуйлангийн үр ашигтай төлөвлөлт, мэргэжил сонголтод удирдлага, сургууль, цэцэрлэгийн багш, сурагчид, эцэг эхчүүд нэгдмэл бодлоготой  хамтарч ажиллах нь “Хүний хөгжил”-ийн зорилтын  ирээдүйн эхлэл, суурь зөв тавигдана. Байгалийн давагдашгүй хүчин зүйл ган зудад багагүй хохирол амссан хэдий ч алдаагаа дахин давтахгүй, өнгөрсөн цаг хугацаандаа дүгнэлт хийж хугацаа алдалгүй малаа цөөрсөн дээр нь чанаржуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, тэжээлийн ургамал тариалах, нөөц бүрдүүлэх, отрын бүс нутагтай болох, бэлчээрийн усан хангамж сайжруулах, дан ганц МАА-аас гадна өрхийн хосолсон үйлдвэрийг бий болгох хөгжүүлэхэд олон ажил төлөвлөн эхнээсээ хэрэгжиж байна. Хүн бүр хэн яаж туслах бол хэнээс ямар дэмжлэг авах уу гэхээс илүүтэй орон нутагт, дотоодод ямар нөөц, бололцоо байна гэдгийг олж харах ашиглах, аливаа ажлыг аж ахуйн аргаар, хамтын хүчээр хийдэг дадалд иргэн бүрийг төлөвшүүлэх нь хөгжлийн шийдэл, гарц гэж боддог.

Баянцагаанчууд бие эрүүл, ухаан саруул, төлөвлөлт мэргэн байж зорилт бүр төлөвлөснөөрөө бүтэх болтугай.

Бөх цоохор овогт Норовын Гансүх

2022-06-29 18:12:10